Хайр, тэр дундаа өөртөө хайртай байх нь хаанаас ч юм бий болчихоод, хаашаа ч юм алга болчихдог хийсвэр мэдрэмж биш юм. Энэ нь “ходоод хоржигнох” юм уу, сэтгэл догдлуулсан шаналгаатай адилгүй.
Ажиллацгаая...
Хайр, тэр дундаа өөртөө хайртай байх нь хаанаас ч юм бий болчихоод, хаашаа ч юм алга болчихдог хийсвэр мэдрэмж биш юм. Энэ нь “ходоод хоржигнох” юм уу, сэтгэл догдлуулсан шаналгаатай адилгүй. Та өөртөө таалагдахгүй байна уу? Яая гэхэв, тэгдэг л юм. Мадонна ч гэсэн толинд тусах дүрсэндээ үргэлж сэтгэл хангалуун байгаад байдаггүй. Гэхдээ тэтгэврийн өмнөх насны, бас хоёр хүүхдийн эх энэ хүүхэн зөвхөн йогийн ямар нэг байрлалд байхдаа л гараа хумхин суудаг юм. Ертөнцийн сая сая хүүхний биелсэн мөрөөдөл Мишель Пфайффер өөрийгөө үзэшгүй муухай хэмээн гонсгор явдаг ч биеэ зузаарахыг харж суух цаг зав түүнд байдаггүй. Өөртөө арай илүү халуун мэдрэмж авахын тулд ажиллая гэсэн танд хэн ч саад болоогүй. “Би маш муухай учраас юу ч хийхгүй ээ” гэдэг байр суурь нэг бол сээтэгнэл (үнэн хэрэг дээрээ та өөрийгөө нэлээд тоодог), эсвэл өөрийгөө зөвтгөж аргалсан хэрэг. (Нэгэнт үүнийг засч чадахгүйгээс хойш зүгээр л байсан нь дээр).
Эмч ээ, би яасан байна вэ?
Сэтгэлзүйн энгийн сонжоо явуулъя. Босоо шугам татаад дээр нь хуваарь хийж, хэрэгтэй гэж үзсэн газартаа тэмдэг тавь. Дараа нь энэ хуваарьтай шугамаар юуг илэрхийлж байгаагаа өөртөө тогтоо. Амжилт уу? Аз жаргал уу? Яагаад та өөрийгөө энэ хуваарьт шугамаар дүгнэх болов гэдэгтээ хариулаарай. Тэгээд “аз жаргал”, “хайр дурлал”, “ажлын амжилт” гэсэн шалгуураар дүгнэх гээд үз. Өөрийгөө хайрлахад тань юу саад болж байна вэ? Танд юу хэрэгтэй байна вэ? Энэ дөрвөн үзүүлэлт яг л жингийн туухай шиг нэг нь ихэдвэл нөгөө нь багасч байдаг жамтай. Тэгэхээр та ажлын өндөр амжилтаараа “чихмэл нөхөр” хийж, эсвэл ертөнцийг үзэх үзлийнхээ тэнгэрт хайрын одыг орь ганцаар нь бадрааж болохгүй л дээ.
Тэгээд бас танилцаад авъя
Хүнд хайртай болохын тулд эхлээд түүнтэйгээ танилцах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, та өөрийгөө бараг өлгийтэй байхаасаа мэднэ, тэр цагаас хойш та өөрөөсөө уйдаж ч амжсан байж болно, гэлээ ч гэсэн танилцах явдлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Хуудас цаас аваад өөрийнхөө бахархдаг зан чанаруудаа жагсаан бич. (Харин зөвхөн өөрт чинь ямар ч сайн чанар байхгүй гэж битгий л хэлж үзээрэй, эс бөгөөс таныг нэн даруй сэтгэл судлаач руу илгээхээс өөр аргагуйд хүрнэ. Харин тэр савны доторх дутуу хөгжсөн фаллийн бэлэгдэл руугаа ойрын таван жилийн туршид ухамсаргүйгээр татагдаж байгаагаа ярьж таныг зовооно доо). Бичив үү? Тэгвэл одоо хайргүй өөрийнхөө тухай найз нөхөд, ойр дотныхонтойгоо ярилцахаар яв. Бусад тань таныг солиорчихож гэж ойлгохгүйн тулд та солиорсон гэдгээ эхнээсээ л хүлээн зөвшөөрөөрэй. Жинхэнээсээ ухаан солиорчихсон хүмүүс өөрийгөө үргэлж цоо эрүүл гэж нотолж байдаг юм шүү дээ. Харин цааш нь, таны чухам юу хүмүүст илүү таалагддаг болохыг сонирх. Тэдний сонирхлыг татдаг тэр чанаруудаа л өөртөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ чинь л таны хувь хүний мөн чанар юм шүү дээ. Ухаантай хүмүүс та биднээс өмнө аль эрт, “Хувь хүний мөн чанар бол бусдын нүдэн дээрх тэр хүний тусгал юм” гэдгийг бодож олсон билээ. “Миний ертөнц зөвхөн миний л дотор байдаг” гэж үздэгтэнгүүдийг би буруутгах гээгүй, харин өөрийн тухай төсөөлөл маань бусдын надад зориулж буй мэдрэмж сэтгэлээс бүтдэг хүний нийгэмд амьдардгаа л сануулах гэсэн юм.
Гол баатар бүсгүйгээ бодож олъё
Сайн талуудын тань жагсаалт байгаа нь сайн хэрэг. Үүн дээр дутагдлуудын жагсаалт байвал бүр ч сайн. Яагаад гэвэл та өөрийгөө л амьдралынхаа шилдэг гол баатар болгохыг хичээж байгаа шүү дээ. Харин жинхэнэ сайн эмэгтэйд сөрөг чанарууд заавал байх ёстой, эс бөгөөс нэгэн хэвийн, яг л цаасан манекен шиг гөлийсөн гөлгөр юм байх болно. Ийм бүсгүйд хэн ч дурлахгүйгээр үл барам, зохиомж өрнөлийн зангилаагаа алдаж, гол шугам нь чөтгөр рүүгээ тонилж, тэгээд концерт дуусна. Энэ бол бидний хүрэх гэсэн зүйл огт биш. Тийм болохоор бидэнд юу байгаа билээ? Тав, зургаан дутагдал олдсн биздээ? Тэдэн дотроосоо цааш хөдлөхөд маань саад болох хэдийг нь дарж хаяад, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, бас энхрийлэн бөөцийлөх хоёр гурван дутагдлаа үлдээнэ ээ. Тэд чинь бидэнд давуу тал шиг л хэрэгтэй. Эс тэгвээс, (залхууралгүй дээшээ хар даа!) бид цаасан манекен болж хувирна.
Та өөртөө хайргүй байж болох юм, учир нь эцэг эхийн тань хэн нэг нь...
- ...танаар, тодруулбал “Чи хичээлээ хийсэнгүй, тэгээд даралт ихэсчихлээ” гэх зэргээр гэмээ мэдрэх мэдрэмж дээр байнга тоглож байдаг.
- Буруутай гэсэн бодол, мэдрэмж гэх зэргээр сэтгэлзүйн бүх хэлбэрээр өөрийгөө яллах явдлууд танай гэр бүлийн харилцааны гол хэлбэр болсон байдаг. Ээж => гэрийнхэнд, “Миний ажил бүтэхгүй байхад та нар юундаа ингэтлээ баясаа вэ?”, Ээж => аавд “Чамаас л болж хүүхэд өвдсөн юм чинь чи хүссэн зүйлийг нь авч өгөхөөс аргагүй”. Аав => охинд “Чамаас болж аав, ээж хоёр чинь хэрэлдсэн”.
- ...ямар нэгэн байдлаар танаас нүүр буруулсан, жишээлбэл: гэр бүлээ орхиж явсан, эсвэл таны хувьд маш хүнд хэцүү үед тусалж дэмжихээс татгалзсан.
- ...хүүхдүүдээрээ дамжуулан хувийн ашиг сонирхолдоо хүрэхийг эрмэлзсэн, эсвэл зөвхөн зорилгодоо хүрэхийн төлөө л тэмүүлж чаддаг, гэхдээ уг зорилгодоо хүрмэгц үүнийхээ явц болон үр дүнгээс таашаал авч ч чадалгүйгээр дараагийнхаа зорилго өөд тэмүүлдэг архаг перфекционист болгон хүүхдээ хүмүүжүүлсэн. “Ганц ч хором зүгээр суудаггүй байсан ээжийнхээ адилаар би ч гэсэн хэзээ ч үл дуусах ажлуудын дунд л эргэлдэж хүмүүжсэн. Одоо хэр нь ямар ч том төслийг, яаж ч амжилттай дуусгалаа гээд тайвширч чаддаггүй. Бүр хийх ажилгүй байлаа ч зүгээр суухаар ямар нэг гэм хийчихсэн аятай сэтгэл гэгэлзээд байдаг болчихсон. Би амралт, цэнгүүн, нийллэгээс үхтлээ айдаг”.
- ...маш хатуу шаардлагатай, эрс шулуун зантай ч зөөлөн сэтгэл гаргадаггүй байсан.
- ...дандаа л танай ангийн хүүхдүүдийг үлгэр жишээний бамбар болгон өргөдөг. “Тэр Солонгоо аль хэдийн л бүгдийг сурчихсан байгаа биз дээ”.
- ...танд учир шалтгааныг ойлгуулах, гэхдээ цаг үргэлж хэн нэгнийг гэрчид татаж байдаг. “Бурхан минь яаж сурч байгааг чинь хараад Дулмаа гуай юу гэх байсан бол?”, “Чиний ямар олхиогүйг Батаа хүртэл мэдэж байна”.
- ...танд хайргүй байсан.
- ...өөртөө хайргүй байсан.
Бусдын алдаан дээр ажиллая
Харин одоо эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж эхэлье. Бүр тодруулбал үргэлж сайхан харагддаг, хэн нэгний тогтмол дайралт доромжлолын өөдөөс зохих үгийг нь олоод зоримог хэлчихдэг, мөн ажил төрөлдөө гялалзсан амжилт олж яваа тийм хүмүүсийг анхааръя. Та тэднийг ажиглангаа дутагдлыг нь ч олж харна. (Зэргэлдээ хэлтсийн Алтаа дөрвөн цагийн эргэлтэд сүүлийн үеийн моодоор хачин сайхан хувцасладаг бил үү? Гэлээ ч ном уншдаг болов уу даа? Харин хоол хийж чаддаггүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна). Бид хүнийг ерөнхийд нь харж чаддаггүй, эерэг эсвэл сөрөг, аль нэг тал уруу нь илэрхий шимтэн харах нь олонтаа. “Энэ Алтаа мөн ч сэргэлэн шүү, яаж энэ бүхнийг амжуулдаг байна аа, намайг дагуулах ч юм биш” гэлцэхдээ бид Алтааг ажил дээрх бүх юмаа хэнээс ч илүү авхаалжтай хийдэг ч гэсэн орой нь гэрийнхэндээ бүтэн цагийн туршид бахардсан уураа гарган орилдог гэж огтхон ч боддоггүй. Эсвэл Алтаад ойр дотны хүн гэж байдаггүй болохыг ч анзаардаггүй. Тэгэхээр Алтаа болон Мөнгөө, Цээгий ба Цэцэгмаа нарын тухай бүхнийг мэддэг байх цаг нь болж. Тэгээд тэдний аль алинд байдаг тодорхой дутагдлууд бидэнд хэрэв байдаг бол яагаад заавал гомдол эрэх ёстой гэж?
Хүлээн зөвшөөрцгөөе
Шудрагаар хэлэхэд, эхэндээ тун аймаар байна. Ойрын хугацаанд өөрийнхөө дутагдлын талаар ярьж сурах хэрэгтэй болно. Бүр янз бүрийн хүмүүст шүү. Тэгээд бас ярилцлагын хэв маяг ч таны дассанаас тэс өөр байх юм. “Алив найз аа, цамцаа өгөөдхөөч, би хүнд үзүүлдэггүй нулимсаа арчаадахъя” гэхээс ичих зүйл огт байхгүй. Дараагийн удаа дөнгөж саяхан үзсэн киноныхоо талаар ярилцаж байхдаа “Би энэ гол дүрийн хүүхэн шиг мөнгөө үрж ерөөсөө чадахгүй юм аа” гэж хэлэх гээд оролдоод үзээрэй. Харин хаа нэг зөвхөн дотроо л “Би ингэж их ажилладаг болохоор дуртай хуймгаа ч хийж сурахгүй юм даа” гэж хэлж байгаарай. Эхэндээ тэнэг юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ та өөрийнхөө дутагдлын талаар ярих урлагт суралцсаны үр дүнд тун удалгүй арай томхон нүгэл чивлүүдээ ч амархаан хүлээн зөвшөөрчихдөг болно. Энэ нь харахад ч ялдамхан, бас хүмүүст ч таалагдана. Төмөр хатагтай нарыг нүүрэн дээр нь хүндэлж, айж, далдуур үзэн ядаж, атаархаж байдаг ч тэднийг хэн ч хайрладаггүй, бас тэдэнд хэзээ ч дурладаггүй юм. Хамгийн гол нь: дутагдал бүхнээрээ биш... харин “Өөрсдөдөө зөвшөөрөн сонгож авсан дутагдлаараа л бахархана” гэдэг дүрмийг санаж яваарай.
Амжилтандаа дасацгаая
Өөрийнхөө эерэг, сөрөг талуудаараа бахархаж байдаг гол дүрийн баатар бүсгүй бий болсон хойно одоо киноныхоо зохиомжиийг бодож олох хэрэгтэй. Түрүүлж хурдлаад яахав, харин төлөвлөгөөгөө жишээлбэл нэг жилийнхийг задалж бичье. Түүнийхээ өмнө хэд хэдэн жижигхэн зорилт тавъя, ядаж л долоо хоног бүр нэг зүйлийг хийж дадах. Жишээ нь хумсаа мэрэхээ болих, найз нөхөд, танилууддаа зөвхөн тааламжтай зүйл ярих, ажилдаа цагтаа ирж сурах, жигнэмэг, чанамал, кофе, тамхи, SMS, сексээс болж анхаарлаа сарниулахаа болих... гэх мэт. Эдгээрээс аль нэг нь бүтээд ирэнгүүт л тэр даруй тэмдэглэж, магтан нисгэснээр өөрийгөө амжилтанд дасгана. Эхний сарын амжилтынхаа шагнал болгож иллэгэнд явна. Сэтгэлзүйн (“Чи хамгийн сайн нь байна”, “Чи ёстой сайхан харагдаж байна” гэх мэт) болон биеийн иллэгнээс илүү таатай зүйл гэж байхгүй биз дээ.
Бусдыг сонсъё, гэхдээ зөвхөн өөртөө л итгэе
Өөрийгөө үнэлдэг хүмүүсийг бусдын саналыг сонсдоггүй гэж үздэг хачирхалтай зуршил байдаг. Гэтэл хэрэг дээрээ зөвхөн амиа бодсон солиотууд л ингэдэг. Та найз нөхөд, танилуудаасаа хэтэрхий олон удаа зөвлөгөө хүсээд байгаа даа санаа зовоод байна уу? Та тэдний үзэл бодлоос хамаараад байх шиг байна уу? Гэхдээ үүнд муу юм ердөө ч алга. Тэр ч бүү хэл энэ бол хамгийн энгийн үзэгдэл юм. Бид цөмөөрөө л нийгмийн бодгалиуд учраас эргэн тойрныхны маань санаа бодол бидэнд онцгой ач холбогдолтой байдаг. Ямар ч эрүүл ухаантай хүнд хөндлөнгийн анхаарал, ойлголцол, урам хэрэгтэй байдаг. Асуудал зөвхөн танд ойр дотно, тааламжтай хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан үед биш, харин ямар нэг нууцлаг “бүх хүн” (“Бүгд л намайг азгүй амьтан гэж бодож байгаа”)-ийн үзэл бодол л таныг зовоосон үед үүсдэг. Хэрвээ үе үе эдгээр “бүх хүн” таныг зовоогоод байвал тэднийг хувь хүн тус бүрээр нь л аваад үзчих, маш амархан. Тэгээд л тэд чинь өөрсдөө хорвоо дээрх бүх юмнаас эмээж байдаг тодорхой Цэнгэл, Оюунаа, Молороо болчихно.
Аятайхан бэлэг барья
Өөртөө магтаалын арван үг хэлэх гээд үзээрэй. Гэхдээ зөвхөн “Би тэнэг биш”, “Би муухай биш” гэх мэт ямар ч сөрөг хэлбэргүйгээр шүү! Туйлын эерэг, туйлын өөдрөг! “Би ер бусын ухаантай, үнэнч сэтгэлтэй, мэргэжилдээ онц сайн, зөөлөн аальтай, хөөрхөн нүдтэй, ариун цэвэрч, хямгач...” гээд л. Өдөр бүр өөрийгөө магтана гэдэг тийм ч хялбар хэрэг биш. Танд энэ бүхэн утгагүй санагдаж байна уу? Энэ чинь та өөрөө л хэвийн бусаар сэтгэж байгаа хэрэг. Хамгийн алдартай сэтгэлзүйчид ч эмчлүүлэгч нараасаа ийм дасгал хийхийг хүсч байдаг юм. Одоо хүүхэд насанд тань юу тэгтлээ их баярлуулж байсныг эргэн саная. Тэгээд амралтынхаа өдрүүдээр хачирхалтай үйлдэл хийж, өөртөө цэцэг бэлэглэж, алсыг харагч дээр сууж, усан санд очъё. Хайрлана гэдэг бол санаа тавина гэсэн үг. Үүний дотор та ч багтана.
Залхуурахгүй шүү
Хэрвээ үе үе залхуу тань хүрч, буйдан дээрээ тамирдан суугаад “Би тарган, царай муутай, азгүй амьтан” гэж хэлж байгаа бол ердийн л үзэгдэл. Хайр гэдэг ердөө л ажил хөдөлмөр гэж бид тохиролцсон шүү дээ. Энэ тохиолдолд таны бие организм зүгээр л ядарчихсан байгаа хэрэг. Өөртөө урам өгч, хэсэг хугацаанд хурдаа сааруул, харин битгий л бүрмөсөн хойш суучихаарай. Эс бөгөөс өөрөө ч мэдэлгүй өнөөх алдартай “би муухай юу ч хийхгүйээ” гэдэг дуугаа дуулчихна шүү. Тэгвэл дансан дахь мөнгөнийхөө тэгийн тоонд дүйцэхүйц байшин хаа нэгтээ худалдаж аваад, хамаг хаалга цонхоо дотроос нь дангинатал түгжээд, хэнд ч харагдалгүй, хэнийг ч харалгүй амар сайхандаа жаргахыг танд хүсэхээс өөр юм үлдэхгүй болно доо.